Арван хурууны дасгал

Нутаг усаараа буугаад мордоход


Наадмын дараахан нутагтаа очив. Миний нутаг бол уул, ус, өвс ургамал тэгширсэн, үзэсгэлэнт сайхан Дооно уул, Булнайн нуруунаас эх авч Хөвсгөл, Увс, Завхан аймгийн нутгаар дамжин урсч, олон мянган жилийн туршид Монгол түмнийг ундаалж, угааж, тэтгэсээр ирсэн хурдан хүлгийн удамт, алдарт Тэсийн гол билээ.

Нутгийнхан Тэс мөрөн ээж минь гэж залбирдаг. Яруу найрагч П.Батсайханы сайхан дуу ч бий. Миний нутаг гэхээр Омбил толгой, Зүр уул, Голын хөндлөн, Дэрстийн тохой, Хар, Цагаан усны ам, Цонж хад, Хамар даваа гээд олон үеийн туршид хотгойд түмний нутаглаж, мал сүрэг, үр ачаа өсгөж, хойч үе, үр удамдаа үе дамжуулан өвлүүлсээр ирсэн нутаг минь юм. Манжийн цэргийн харуулын цамхаг байсан толгой, Түрэгийн баатрын нутаглаж байсан Бичигт толгой, Дүүрэгч вангийн хошууны шүтлэгийн газар "болж байсан сүмийн буурь гээд түүхийн дурсгалт газар цөөнгүй.
Намайг хүүхэд байхад янз бүрийн хэлбэртэй сумны зэв зөндөө олддог байж билээ. Энэ нь олон мянган жилийн өмнөх овог аймгуудын тулалдааны талбар болж байсны ул мөр биз. Энэ нутгийнхан шадар ван Чингүнжавын үйл хэргийг дэмжиж, хамтран зүтгэснээс Манжийн захиргаанаас ад үзэгдэн олон хүн шийтгэл гэсгээл хүртсэн гэдэг. Чингүнжавын дээд өвөг Хатан Бүүвэй баатрын цэрэгт явж, Халх, Ойрдын дайнд оролцогчид ч цөөнгүй байжээ. 1932 оны бослого ч энэ нутгийг тойрсонгүй. Лам, хар, малчин  зэрэг олон хүн хэлмэгдлийн хар шуурганд өртжээ.
Нутаг усаараа орж явахад Барамын өвөлжөө, Намжилын хаваржаа, Мөнжгөөгийн зуслан, ганган Санж, соёо Ядам, Санжаагийн бууц гээд танил газар нүдэнд тусна. Энэ сайхан нутагтаа олон жил идээшин нутаглаж, нутгийнхандаа уул мэт өмөг түшиг болж явсан энэ буянт буурлууд үр ач нартаа энэ сайхан нутгаа онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээгээд энхжингийн оронд заларцгаажээ.
Хотгойдууд, Доонынхон нэг их хувьсгалч улс байсангүй. Хошуу тамгын дуудлагаар, эсвэл зарим нэг нь тохиолдлоор цэрэгт дайчлагдан алба хааж явжээ. Гэхдээ оногдсон албаа онц гарамгай хаадаг дайчин эрс байлаа. Халх голын байлдаанд анхны цусан гавьяаны одонгоор шагнуулсан тагнуулч байлдагч, хуягтын жолооч Төмөр, мэргэн буудагч Жүгдэрнамжил, Одхүү нар оройлон оролцсон. 1921 онд Ардын хувьсгал мандахад нэг их сайн ойлгоогүй ч олон хүн даган баясч оролцжээ. 22 оны үймээн гэж нутгийнхан ярилцдаг 1932 оны хөдөлгөөн гарахад мөн л учрыг нь сайн ойлгоогүй ч Доонынхны нэлээд нь даган оролцсон байдаг.
Тэр ч байтугай, Тэсийн хүрээн дээр бослого гарч, түүнийг даруулахаар Улиастайгаас хөдөлгөсөн 32 дугаар морьт хорооны суманг дандаа тэр нутгийнхнаар бүрдүүлсэк бөгөөд олиштой байлдсангүй, харин ч зарим нь урван орсон учир Улаан гомоос дөрвөд цэргүүд дуудан ирүүлж, бослогыг дарсан гэдэг. Ерөөс Доонынхоь юманд амархан итгэмтгий улс. Тиймээс ч шинэ гарсан юм болгоныг хошууран дагасаар ирсэн. Нэг ийм яриа байдаг. Нутгийн залуу Жавсан жин тээж Улаанбаатар ороод зах дээрээс савхин дээл худалдаж авч өмсөөд иржээ. Нутгийнхан нь энэ Жавсан хувьсгалч болчихож гээд дор нь хуралдан хуучин даргаа огцруулаад Жавсанг сумын даргаар сонгож байсан гэдэг.
Тэсийнхэн удам дагасан, найрч хүмүүс. Тийм учраас Монголын хөгжмийн түүхэнд Тэсийн гэж нэрлэгддэг дуунууд үлджээ. "Дүүрэгч вангийн Зэс гуай", "Шар тарлан хайнаг", "Сагсгар дэлтэй хул" зэрэг дуу цөм энэ л нутагт зохиогджээ.
Доонынхон бас их наргианч.
Манай хаалга дуутай шүү бөмбөр минь
Маажин тосоо түрхээрэй бөмбөр минь
Манай нохой дуутай шүү бөмбөр минь
Банхар банхар дуудаарай бөмбөр минь гэх юмуу,
Тагнаг хоргой манхгаас
Тангийн үнэр ханхална
Тарган цагаан ламаас
Жууяарын үнэр ханхална... гэх зэргээр шоглон дуулдаг байжээ. Дууч, хөөмийч, хулсан болон төмөр хуур тоглодог, амаараа шанз болон бусад хөгжмийг гайхалтай сайхан дууриан тоглодог авьяастай хүмүүс ч байлаа.
Энэ жил Тэс нутагт хавийн хэдэн жил болоогүй сайхан зун болж байна. Хурмаст тэнгэр хураа харамгүй хайрлаж, түүний шимээр өвс ургамал сайхан ургажээ. Тэсийн гол саваа халин үерлэж, олон жилийн өмнөх шигээ салаа бүр нь дүүрэн устай байна. Эцэг, эхийнхээ байнга зусч байсан Хар усандаа очив. Суугаа хүн үзэгдэхээргүйгээр өвс ургажээ. Эцгийнхээ гэрийн бууринд бууж, нутгийнхныхаа хамт түүдэг гол тойрон сууж, зун зуншлага, мал сүрэг, нутаг усныхаа тухай ярилцаж, шатар тоглож нэг хонолоо.
Хар уснаас гарч Хамар даваагаар даван Өлөнгийн талыг өгсөн явахад өндөр ургасан өвс, машины хамартай зэрэгцэн, салхи татан найгаж, жирэлзэн өнгөрөх нь сэтгэл татам сайхан. Урд, хойд Хуулиг, Цагаан чулуутын худаг, Хуулигийн агуй гээд дандаа танил газар үзэгдэж, унаган багын дурсамж сэтгэлд буун нүдний нулимс мэлтэрнэ. Тэндээс  явсаар Зүүнхангай сумын төвөөр дайран Улаан хясааны голыг уруудсаар Хүйс толгойг дайран доод Улаан хясаанд очив. Энэ бол миний хонгор бага насны минь мартагдашгүй дурсамжаа үлдээсэн газар.
Хурга ишигтэй хөөцөлдөн шилбүүр унан давхиж явсан нутаг. Манай хотгойдууд энд ирж Зүүнхангайнхантай айлсан зусацгаадаг байж билээ. Лут, Сундуй, Жамбал гээд олон айл энд зусдаг байсан. Тэд цөм Дэрстийн тохой, Хар ус хавиас нүүж ирдэг байв. Намайг бага байхад манайх Улаан хясааны хойд талд Новштын аманд хэдэн гэрээр хоёр гурван жил өвөлжсөн юм. Өвөл нь гөрөө хийх, агентынхаас гурил, будаа, цай, даалимба, лаа, шүдэнз авахаар Доонынхон их ирдэгсэн. Манайхаар аавын найз Төмөр, хүргэн ах Жамбал, анчин Ламжав, Мөнхөө, Барам, Магсар нар байнга ирдэгсэн.
Барам, Магсар хоёр улсын тэргүүний анчин, сумын хоршооны түүхий эдийн төлөвлөгөөг голчлон биелүүлж өгдөг байсан юм гэнэ лээ.
Цэцэрлэгийн голыг өгсөн Гивантын рашаанд очиж хэд хонов. Элэг, цөс, дотрын өвчнийг анагаах шидтэй ариун дагшин рашаан учир хол ойрын зочин гийчний хөл үл тасарна. Рашааны эмч Чадраабал гэж хол ойрын зовж зүдэрсэн хүмүүсийг эдгээж, ач буянаа харамгүй түгээдэг ахмад бууралтай хуучин танилын ёсоор золгов.
Ясны хугарал, дотор эрхтний гажиг, элдэв төрлийн гэмтэл согогийг оношилж эдгээхдээ гаргууд түүнийг зорин ирэх хүмүүсийн  тоо үнэхээр  олон ажээ. Тэнд хэд хоног рашаан хүртэж, биеэ сувилуулаад Чадраабал гуайтайгаа дараа жил уулзахын ерөөл тавиад Улаан хясаагаараа дайран Шар хадны дөрөлжөөр давж, хүргэн ах Жамбалын өвөлжөө Хавчигийн үзүүрээр ороон Дэрстийн тохой руугаа орж ирэв. Хэдийгээр олон газар оронд явж байсан боловч бараг жил өнжилгүй нутагтаа ирдэг байсан юм. Намайг сургууль соёлын мөр хөөж, харь оронд яваад ирэхэд зөнгөөрөө мэдэрсэн ээж минь ямагт гэрээсээ гарч угтдаг байсан дурсамж санаанд орж ирлээ.
Өөрийн нутаг ороод ирэхэд
Өвс нь хүртэл найган ёсолно
Өргөө цагаан гэрийнхээ үүдэнд
Өрөвчхөн ээж минь хайлан угтана.
Яруу найрагчийн энэ мөрүүдэд би дуртай.
Дэрстийн тохойд Доонынхон маань цугларчихаад хүлээж байв. Энэ нь намайг хүлээж байгаа хэрэг биш, сумын Засаг даргын Тамгын газраас баг болгон ээлж ээлжээр хийдэг сарын аян энэ удаа Дооно багт тохиосон нь тэр байв. Ингэж цугларсан үеэрээ тэд хийсэн ажлаа дүгнэж, хийхээ төлөвлөдөг ажээ.
Энэ удаа би хамт явсан бяцхан авьяастнуудынхаа тоглолтыг үзүүлж, кино гарган орой нь бүжиг явууллаа. Энд сумын ахмад буурал Ламхүү гуайгаас өгсүүлээд алдарт уяач Нагааранз, олон жил нэгдэл, тэжээлийн аж ахуйн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан Нямгэрэл, Галсандорж гээд тэр хавийнхан бүгд байлаа. Сумын Засаг даргын Тамгын газрынхан шижигнэсэн сайхан залуус болцгоожээ. Засаг дарга Н.Батбаяр, ИТХТ-ийн дарга Д.Нямсамбуу, Тамгын газрын дарга Дашдэлгэр, Засаг даргын орлогч Батсайхан, багийн дарга Алтанхуяг гээд. Дамдинсүрэн, Батсуурь хоёр л арай ахмад нь. Ажлыг ёстой л шижигнүүлж байна.
Чацаргана, хүнсний ногоо тарих хөдөлгөөн өрнүүлж, сумын төвийн хойд голын захад ургадаг, бараг устаж байсан чацарганын модыг хүмүүст хариуцуулан өгч арчилж тордох болжээ. Манай сум дөрвөн багтай. Миний төрсөн нутаг Дооно багийн Засаг дарга Г.Дамдинсүрэн гэж 50 эргэм насны, ширвээ хар сахалтай ажилсаг эр бий. Тэс сумын тэжээлийн аж ахуй гэж байхад тээврийн жолоочоор ажиллаж, аж ахуйн таван удаагийн аварга болж байсан.
Тэс сум сайн тамирчидтай. Ганцхан жилийн өмнө цанын улсын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгуулж, олны талархлыг хүлээсэн байна. Энэ ажилд Тэс суманд байдаг хилийн цэргийн ангийнхан, түүний захирагч, залуухан хурандаа Дамдинсүрэн ихээхэн дэмжлэг үзүүлжээ. Ерөөсөө Дамдинсүрэн ахлагчтай энэ анги бол хил хамгаалах ажлыг амжилттай сайн хийж байгаа төдийгүй сум орны бүхий л ажилд шуурхай оролцдогоороо нутаг усныхны талархлыг хүлээж буй хамт олон юм.

Зууны мэдээд   Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамьян  энэ хүн өгсөн ярилцлага юм байна.

0 Та сэтгэгдэлээ бичнүү.: