Арван хурууны дасгал

Хотгойдын цэнхэр Тэс

Хаа ч явсан хэзээд нутгийн нэр эцгийн нэртэй хамт дуудагдана, хамт бичигдэнэ. Нар амтлан урсах Тэсийн гол, наанатаа цаанатаа нь шургаж ургасан гацуурт шугуй, холоос шаргалтах дошгин амтат чацарганын төгөл, хойно нь налайх Зүр хайрхан, өмнөх дэнж дээрх сумын бараа. Энэ нутаг бол хуучнаар Засагт хан аймгийн Дүүрэгч вангийн хошуу, одоогийн Завхан аймгийн Тэс сум ажгуу.

"Тэсийнх" гэхээр ямар ч хүн шүлэглэж эхэлдэг.
"Тэсийн голын унага
"Тэрхийн голын хүүхэн" гээд байдаг Тэс мөн биз дээ гэх. Энэ үгийг сонсоод баясдаггүй манай нутгийн хүн гэж үгүй байх аа. Үнэхээр ч нутаг маань удам дамжсан шандаст хурдан удмын өлгий шүү дээ. Дээхнэ Сандуй бааваа гэх нутгийн баян байж. Дэрстийн тохойн уудам хөндийг дүүргэсэн адуу малтай учраас голын залуус багачууд айраг цагаа эргүүлэнгээ, эднийд олноороо, нэг ёсондоо хамжлага маягаар ажилладаг байжээ. Баян Бааваанд адуу нь л гэхэд 800 гардаг байсан байна. Сандуй бааваанд "Муухай хээр" гэх ёстой л нэг нэрэндээ тохирсон муухай хэлбэртэй морь байсан аж. Гэхдээ тэр морь жишиггүй хурдан байсан тухай хөгшчүүл одоо хэр нь хөөрөлдөнө. Нэг намар Сандуй бааваа Муухай хээрээ унаад одоогийн Увс аймгийн даншигт очжээ. Тэгтэл "Халхын баян хавтгай сүргээсээ үхэр унаад ирдэг байжээ", "Элэнцэгнийх нь баян, нохой долоо" гэх басамжлал тохуурхал угтав. Харин өвгөн баян "Муухай хээрээрээ танай даншгийг авахаар ирлээ" гэж олны дунд чанга дуугаар ажиггүй хэлчихжээ. Уяа сойлгогүй, унаж яваа мориороо шууд л уралдаж болдог гэж урьд хожид дуулаагүй тэр нутгийнхны нүд орой дээрээ гарсан нь лав. Нутгийн хэдэн бэлтэй эрчүүд Сандуй бааваатай алт мөнгөн ембүү, адуу малаараа мөрийцөж, "Үхэр түрүүлэх үү" гэж дэндүү басамжилжээ. Муухай хээрийг түрүүлж ирэхэд сая л хүмүүсийн тохуурхал шагшин гайхах бишрэлээр солигдов. Мөрийгөө авсан бааваа "Үхэр гүйцдэггүй хурд үзлээ" гэж хэлээд муухай хээрэндээ мордон давхиж одсон үнэн түүх үлгэр мэт үлджээ. Сандуй өвгөн муухай хээрээ ер нь уяж сойдоггүй, унаж яваад л уралддаг байсан гэнэ. Бас нэгэн өрөвдөлтэй ч гэмээр хурдны домог болсон хувь заяа бий. "Тод магнай" кинонд гардаг даа. Манж амбан Халхын даншгийг авахаар санаархаж, "Тэсийн голын улаан" гэх хүлэг сойдог. Тэрхүү буяныг Манж амбаны зарлигаар манай нутгаас уургалан авч явсан байдаг. Олон жилийн хойно Тэсийн улаан туйлдсан амьтан нутаг гүйж ирсэн бөгөөд Зүр уулын өвөр дэх жижигхэн цэнгэг цөөрмийн дунд зогссоор эцэслэсэн гэлццэг. Мал хүртэл ийм ухаантай байдаг. Нутаг усаа хайрлаж яваарай хүү минь. Хичнээн удаа зугтаах гэж зүтгэсэн бол, хэдэнтээ төөрч ирээ бол, зайлуул, хэн мэдэхэв" гэх настан буурлуудын яриаг сонсоход нүд дүүрэн нулимстай, чичивхийлэн зогсох, хөлстэй улаан морь үзэгдэх шиг болдог байлаа. Одоо ч Тэсийн голын унага төрийн наадамд төрсөн нутаг угшлаа дуурсгасаар л байна. Тухайлбал улсын алдарт уяач Г.Нагааранзын "Хүрэн халзан" гэх хурдан буян бий. Энэ хүлэг баруун бүсийн даншиг төдийгүй улсын наадамд түмний эх болж байлаа.
Тэсийн гол тэнгэрийг бичиглэж урссаар л...
Омогшсон мөрний хилэн Онгон хүлгээ сорьдгийн учир Дошгин урсгалын хаялгаар Доройхон хөлөнд нь эрч хайрладгийн учир хурдны удам үл тасрах аж.
Тэс нутагт намар их сайхан болноо. Тэсийн голын хөндий, Дэрстийн тохойн жаахан нууранд буцах тогорууд өдөр шөнөгүй шүлэг найраг мэт ганганалдана, сэтгэлийг уймруулна. Чийгтэй дов сондуул дунд хэвтээд тогоруун сүргийн ганганааг чагнахад, ямар нэгэн зүйлийг учирлах захиас шиг сонсогддогсон. Газрын зурагт тэмдэглэгдээгүй мөртлөө, гол нуурын жагсаалтанд бичигдээгүй атлаа ямар ч далай тэнгисээс илүү бодогдох энэ жаахан нуур дэрвэж өссөн балчир насны дурсамжийг санагдуулан мэлтийнэ. Өдөржин цуцталаа шавраар мөрөөдлөө бүтээж наадсан хөл нүцгэн бага нас минь нуурын эргээр дэгдэнэ. Хааяахан нуурандаа очмоор санагдахад шорвог ус нь аманд мэдрэгддэгсэн.
Нуураас холгүй гүнзгий ширүүн ус, шигүү ойгоор хүрээлэгдсэн нууцлаг байгууламж байх агаад, туүнийг Сүм гэнэ. Асар өргөн шат довжоотой, яаж, барьсан юм болдоо гэж гайхмаар хаа ч байхгүй өвөрмөц содон том чулуун ордон. Хаалгыг нь хэн ч үл олно. Явган яриагаар түүн дотор маш их алт эрдэнэс, бурхан тахил бий гэцгээнэ. Харин ар талд нь хүний нүүр багтам нүх байдаг. Түүн рүү ойртоход урдаас хүйтэн агаар сэнхийж, чангаар орилоход дуу Сүмийн гүнлүү уусч чимээ алдарна. Дээр нь гарахад Тэс нутаг тэр чигээрээ алган дээр тавьсан мэт тодхон. Нутгийнхан эндээс харуулдаад алдуул адуу малаа олж буцдаг. Сүмийн шугуйд буга урамдаж, өлмий дороос бүжин туулай босон дэгдэнэ. Хүний хөл ховорхон гишгэсэн энэ шугуйд ороход ертөнцийн хязгаарт ирчихсэн мэт амар амгаланг мэдэрнэ.
Нутгаа санахад Хотгойдын
Дооно уул зүүдлэгдэнэ. Ван Чингүнжав ардуудтайгаа дүрвэн нүүж яваад энэ ууланд гэрийнхээ тооныг гээчихжээ. Хичнээн хайсан ч олоогүй аж. Тэгээд "Тооно уул" гэж нэрийдсэн нь хожим "Дооно уул" гэгдэх болжээ. Энэ уулын ар өвөрт төрсөн хүмүүсийг ухаан билиг цэцэн бас ажилсаг гэж хэлэлцдэг. Түүхийн их нууц хиргисүүрүүд Доонын орчмоор чимээгүй зүүрмэглэх мэт.
Гандангийн тохой гэх эзгүй хөндий. Урьд нь энд ойр хавийн отог, хошуунаас эргэл мөргөл хийж, буян хураахаар ард олон, ноёд ихэс ирдэг том гандан хийд байжээ. Эрдэм номонд гаршсан лам нар ч их байж. Гэтэл хэлмэгдүүлэлт болж, нэг л шөнийн дотор лам хуврагуудыг хоморголон бурхан тахилтай нь устгаж, хийдийг нь газрын хөрснөөс арчжээ. Устгалын дараахь өглөө гандангийн тохой тэр чигээрээ улаан шаргал болчихсон, том том тас эргэлдэж байсныг тэр үед жаахан охин байсан эмээ маань ярьдаг. "Ягаад улаан, шар болсон гэж. Цус уу?" гэхэд эмээ нүдээ анин, эрхээ эргүүлэн, мааниа аман дотроо зөөлөн уншиж. "Үгүй дээ, зайлуул. Орхимж хувцас нь олон хоног дэрвэлзэж үзэгдсэн дээ. Хүмүүсийг тийшээ ойртуулахгүй байсан юм" гэж билээ.
Энэ газарт олон зууныхны зовлон жаргал, хүсэл тэмүүлэл бий. Сумандаа очоод гудамжаар алхахад тааралдах хүмүүс "Энэ мэндлэх л ёстой" гэсэн бат харцаар харна. Амар мэндийн үг асуухад хөөрцөглөх нутгийн сайхан хөгшдөө амьдарч чадсан гавьяатай, үүх түүхийн нэгэн цул ертөнц гэж дээдэлмээр.
Манай сум 1959 онд Тэсийн Тариалангийн аж ахуй дээр үндэслэгдэн байгуулагдсан байна. Тэс сум нь 229828 га газар нутагтай. Улаанбаатар хотоос 1067 км, аймгийн төвөөсөө 337 км зайд орших бөгөөд ОХУ-ын Туватай хил залгаа, хангай хээр хослосон үзэсгэлэнт нутаг юм. Тэс сум одоо дөрвөн багтай, 932 өрхтэй, 3600 -гаад хүн амтай. Хүн амын зонхилох хэсэг нь Хотгойдууд. Мянгад, Дархад, Хиргис, Цоогон, Мэрэйд зэрэг омгууд байдаг. Хүн амын олонхи нь мал аж ахуй, цөөнх нь гадаад, дотоод худалдаа, үйлчилгээ эрхлэж, багагүй хувь нь төрийн болон төсвийн байгууллагад ажиллаж байна.
Тэс сумаас урлаг соёлын салбарт Д.Галбаатар (Хэл шинжлэлийн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш), Хөгжмийн зохиолч Ц.Жамъяан (МУГЗ, Тува улсын гавъяат жүжигчин), Жүжигчин Б.Эрдэнэцэцэг (СТА), бүжигчин А.Бат-Отгон (СТА) зэрэг олны танил хүмүүс төрөн гарчээ.
ХАА, МАА-н салбарт Монгол Улсын хөдөлмөрийн баатар З.Ширнэн, М.Гомбосүрэн, Улсын гурван удаагийн аварга тариаланч Е.Базаррагчаа, Монгол Улсын аварга малчин С.Өсөхбаяр, Ж.Сундуй, Ж.Бадам гэх мэт олон хөдөлмөрийн алдартнууд бий.
Мөн улсын алдарт уяач Д.Төртогтох Г.Нагааранз, улсын оны шилдэг уяач Д.Өсөхбаяр, аймгийн алдарт уяач Н.Тангад, С.Нямсүрэн, Т.Энхтайван, Ч.Асид, Д.Базаргорьд гээд уяачид олон. Улс аймаг, цэргийн цолтой 24 бөх байдгаас заримыг дурдвал, улсын начин С.Нямсүрэн, даншгийн заан Ш.Даваасамба, улсын тулгат Г.Ядам, аймгийн заан Д.Баярхүү зэрэг болно.
Одоо сум маань Завханы хойд сумдын төв болтлоо өргөжин хөгжсөөр байна. Сумын Засаг дарга Н.Батбаяр, сургуулийн захирал Н.Пүрэвдорж, хүн эмнэлгийн дарга эх эмч Ж.Мөнхцэцэг зэрэг чадварлаг мэргэжилтнүүд ажиллаж байна.
Хонин дундаа хөөрхөн охид нь "Жаран цагаан"-аа дуулалдахыг, зэлэн дээрээ багачууд нь унагатайгаа ноцолдож өсөхийг, Чингүнжавын цэрэг шиг эрэмгий эрс эмнэг удмын нуруун дээр нум шиг тогтохыг, найран дундаа намар нь хөвж, Тэсийн гол шүлэг шиг урсахыг үзээд нутагтаа сэтгэл хоргодохгүй байхын аргагүй.
Хотгойдын цэнхэр Тэсийн хөгжил дэвшил тооноор тусах гэрлийн хурц туяа мэт эх орноо гийгүүлэх болтугай.

 З.БУЯНЗУЛ  гэж хүн нийтэлсэн юм байна

0 Та сэтгэгдэлээ бичнүү.: